Slide background
Slide background
Slide background

Хайрханчууд Хайрхан уулаа тахилаа

архангай логоХайрханчууд Хайрхан уулаа тахилаа Энэ сарын 7-ны өдөр буюу билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 9-ний дашнямтай билэгт сайн өдөр Хайрхан сумынхан Хайрхан шүтээн уулаа тахилаа. Тахилгын ёслолд УИХ-ын гишүүн, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн Халамжийн Ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, улсын арслан Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот дахь Хайрхан сумын нутгийн зөвлөлийн төлөөлөл, аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, хэлтэс агентлагийн дарга нар болон нутгийн зон олон хуран чуулсан байлаа. Энэхүү билэгт сайн өдөр тус сумынхан Хайрхан уулаа тахихаас гадна түүхт 90 жилийн ойд зориулан бүтээн байгуулсан цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт, мөн бодь цагаан гантиг суваргыг аравнайлж, шүншиглэх ёслолууд болсон юм. Тус бүтээн байгуулалтын ажлуудыг УИХ-ын гишүүн, Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын сайд С.Эрдэнэ нутгийн олондоо зориулан хийжээ. С.Эрдэнэ сайдын аав нь Хайрхан сумын Жарантай багт төрж, өссөн, спорт, эрүүл мэндийн салбарт чамгүй их зүйл хийж, бүтээсэн нэгэн аж. С.Эрдэнэ аавынхаа гэгээн дурсгалд зориулан төрсөн нутагт нь ийнхүү гурав дахь бодь цагаан суваргаа босгоод буй нь энэ. Өмнө нь аавынхаа төрсөн газрын дэргэдэх Жарантай хийдийн буйран дээр, Хайрхан уулын энгэрт суварга босгосон байна. Мөн нутгийн олноо түүхт 90 жилийн ойгоо тав тухтай сайхан орчинд тэмдэглээсэй гэдэг үүднээс шинээр цэнгэлдэх хүрээлэн барьж өгчээ. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтэд оролцсон иргэд сэтгэл хангалуун байлаа. Тухайлбал Хайрхан сумын Хайрхан багийн иргэн Д.Дондог “Их сэтгэл гаргаж хийсэн сайхан талбай байна. Хэрвээ жаахан сэтгэл дутаж, муухан барьсан талбай байлаа ч бид муу болсон байна гэж яаж хэлэх вэ дээ. Ямар улсын хөрөнгөөр барьчихаж байгаа биш. Өөрөө санаачилан, өөрийнхөө чин сэтгэлээр ийм сайхан цэнгэлдэхтэй болгосон сайддаа баярлалаа л гэж хэлье. Үйлс нь бүтэх болтугай” гэлээ. Хайрхан уулын тахилга, бодь цагаан суваргын нээлтэд зориулан их нас, даага уралдлаа. Мөн хүчит 32 бөх эр бяраа гайхуулан барилдснаас аймгийн начин Амгаланбаатар түрүүлж, аймгийн начин Уртнасан үзүүрлэсэн юм. Аймгийн начин Амгаланбаатар Хайрхан уулынхаа хойморт тоглож өссөн нэгэн бөгөөд одоо ч аав ээж нь энэ л нутагтаа мал сүргээ хариулан буй аж. Энэ үеэр Хүүхдийн төлөө үндэсний газрынхан хүүхэд багачуудад бэлэг тарааж, хурдан морь унасан хүүхэд бүрт гарын бэлгээ гардуулсан юм. Ийнхүү зуны эхэн сарын билэгт сайн өдөр Хайрханчууд их шүтээн Хайрхан уулаа тахихаас гадна сумынхаа төвд өнгө үзэмж нэмсэн цэнгэлдэх хүрээлэн, гантиг цагаан бодь суваргаа хүлээн авлаа. Энэ бүхэн нь тэдэнд түүхт 90 жилийн ойгоо төгөлдөр сайхан тэмдэглэх эрч хүч, урам зориг хайрлалаа.

Дуунд хүртэл мөнхөрсөн сайхан хайрхан Хайрхан сумын Хайрхан уулыг жил бүр тахидаг. Энэ Хайрхан дуунд хүртэл мөнхөрсөн, өвөрмөц тогтоцтой, сайхан уул. Хайрханы урд нуур байсан гэдэг. Энэ нууранд нар жаргахын алдад уулын дүрс тусаад, үнэхээр сэтгэл татам сайхан харагддаг байсан хэмээн нутгийнхан ярьдаг юм билээ. Энэ сайхан хайрханы тахилгад оролцож байгаадаа баяртай байна. Нутгийн зон олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ